БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ӨВГӨНЖАРГАЛАНТЫН 3-Р БАГИЙН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

Тус багийн одоо байгаа Өвгөнжаргалантын аманд 1956 онд “Түйн нэгдэл” байгуулагдаж анхны шаваа тавьж даргаар нь Мягмар, няраваар нь Чимэдцогоо ажиллаж эхэлсэн түүхтэй. 1959 онд улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ялж, нэгдлийг дэмжиж, томсгон нэгтгэж байсан учир тус нэгдэл Түйн 2-р бригад болж даргаар нь 1959-1985 он хүртэл 1. В.Юндэн Ж.Өлзийбат Н.Шагдар С.Дорж Б.Гэлэгбат С.Сэр-Од нар ажиллаж байсан түүхтэй.

Түүхэн энэ үед тус бригад дарга, тоо бүртгэгч, нярав, хэсгийн ахлагч, галч, намын хэсгийн (үүр) даргатай 7-8 орон тоотой ажиллаж байснаар гадна 1. Түйн бага сургуультай 4 багш, нярав, тогооч, галч зэрэг орон тоотой 2. Хүний бага эмчийн салбартай. Эмч, эх баригч, галчтай. 3. Малын эмч, жолооч, санитари нарын бүрэлдэхүүнтэй, эмчилгээ тэжээлийн цэгтэй. 4. Дэлгүүртэй- хөдөөдөө 2-3 агенттай. 5. Сүүн тасаг улирлын чанартай жилд 6 ажилладаг. Улсад сарлагийн масло, ээдэмцэр (козень) нийлүүлдэг том хэмжээний завод ажиллаж байсан байна. Багийн төвдөө олон салбарын үйл ажиллагаатай тул үүнийг даган олон жижиг байшин барилга баригдаж, өвөлдөө 60-80 өрх, зундаа 20-30 өрх байнга төвлөрдөг, орой 1800-2200 цагийн хооронд гэрэл асаадаг багахан суурин байсан юм.

1985 оны үед бригадын зохион байгуулалт задран хэсэгт хуваагдсанаар одоогийн Ямаатын баг үүсэх нөхцөл бүрдсэн. Багийн төв дээр хэсгийн даргаар С.Сэр-Од, Б.Гэлэгбат нар ажиллаж байгаад 1991 оноос багийн зохион байгуулалтанд орж 1991-2004 он хүртэл Х.Лхамсүрэн, Б.Төмөрхуяг, С.Энэбиш, Ж.Хүрэлсүх нар багийн даргаар ажиллаж байснаас гадна Түйн хоршоо байгуулагдан даргаар нь Х.Гомбо ажиллаж байв. 1991-1992 онуудад өмч хувьчлал болж нэгдэл тарж, малаа хувьчилж, байшин барилгаа нураан хувьчилж эхэлсэн нь сайхан суурин тарах нөхцөл бүрдсэн байдаг.

2004-2008 онд С.Сэр-Од , 2008 оноос одоог хүртэл Г.Цэрэндорж ажиллаж байна. Ажиллах хугацаандаа нураасан 2 жижиг байшингийн ханыг ашиглан дэлгүүр, сууц барьж, УТХГазрын хамгаалалтын захиргаа Постын байшин барьснаар манай баг суурин хэлбэрийн эхлэл дахин тавигдаж байгаа гэж үздэг. Манай баг 3 багийн замын уулзвар Архангай-Тонгорогийн төв зам дагуу байрлалтай сумаасаа 28 км зайд оршдог байдал нь дэд бүтэц хөгжих, зах зээлийн сүлжээ байгуулах боломжтойгоор бусад багаас давуу талтай. Энд утасны сүлжээ, цахилгааны эх үүсвэр бий болвол жижиг дунд үйлдвэр, сургууль, эмнэлэг, цэцэрлэг байгуулах боломжтой.

Мэдээ оруулсан: 2016-04-27 11:08:54