БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Эрдэнэцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын танилцуулга

Тус сум нь 1924 оныг хүртэл Дайчин ван Соронзонгомбын хошуу гэж нэрлэгдэж байсан бөгөөд 1924 оны Ардын Засгийн газрын хурлын шийдвэрээр хошуудын нэрийг өөрчлөх болсноор ард түмнийхээ өсөн төрсөн нутаг урсгал усныхаа нэрээр Түйн голын хошуу, 1925 оноос Цогц хайрханыхаа нэрээр Эрдэнэцогц /Эрдэнэцогт/ сум гэж нэрлэгдсэн түүхтэй. Энэ цаг үеэс эхлэн Засаг захиргааны нэгжүүд үүсч, ард иргэд  хуран цугларч, хурал чуулган хийн эхэлсэн байна. 1923 оны 03 дугаар сарын 05-нд Баатар ван Соронзонгомбын хошууны ардын нэгдүгээр их хурал хийгдэж, хошууг 2 сум, 7 баг болгон өөрчилсөн нь хурлын байгууллагын эхлэл тавигдсан гэж үзэх үндэслэлтэй юм. 1944 оны 11 дүгээр сарын 18-нд сумын захиргааны дээд эрхийг барих тайлан сонгуулийн хурал хуралдаж, 1940 онд батлагдсан Үндсэн хуульд заасны дагуу 50 хүн тутмаас 1 төлөөлөгч сонгогдон, сумын Захиргааны Тэргүүлэгчдээр Цэнд, Жанцандорж, Загар, Дамидаа, Гомбодорж, Цэвэл, Чойдон, Лхамхүү, Лонжид, Лхамсүрэн, Сономсамбуу, Цэдэн, Гэндэндорж нарын 13 хүнийг сонгож, захиргааны даргаар Загар, орлогч даргаар Жанцандорж нарыг сонгожээ. 1947онд тайлан сонгуулийн хурал хуралдаж, 12 багийн хөдөлмөрчдийн хурлаас сонгогдсон 31 төлөөлөгч оролцож, засаг захиргааны зохион байгуулалт болон Улсын сайн малчдын зөвлөгөөний дүнгийн тухай хэлэлцсэн байна.   

АИХ-ын 1952 оны 56 дугаар зарлигийн дагуу орон нутгийн Засаг захиргааны сонгууль явагдаж, аймгийн хөдөлмөрчдийн хурлын депутатаар 4, сумын депутатаар 30, багийн депутатаар 60 хүнийг, 1954, 1956 оны  Засаг захиргааны сонгуулиар аймгийн депутатаар 4 хүн, сумын депутатаар тус бүр 30 хүн, багийн депутатаар 42 хүнийг, 1959 оны сонгуулиар аймгийн  ХДХ-ын депутатаар 7 хүнийг, сумын депутатаар 39 хүнийг, сумын Захиргааны тэргүүлэгч гишүүнээр 9 хүнийг  тус тус сонгон баталжээ. Сумын хурал нь тухайн үедээ мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу Гүйцэтгэх Захиргааны даргаар удирдуулан үйл ажиллагаагаа явуулан, сум орныхоо нийгэм эдийн засгийн хэтийн болон ойрын зорилт, хамтын удирдлагын зарчмаар ажиллаж байгаад 1992 оныг хүрсэн байна.

Монгол Улсын Үндсэн хууль /1992/, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ, Багийн ИНХ байгуулах асуудал 1992 оны 3 дугаар улиралд эхлэн баг бүрд зохион байгуулалтын асуудал хэлэлцэн, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 30 хүнийг сонгосон байна.

 1992-1996 онд  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн даргаар Ш.Далай,Ц.Дорж нар,Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Батаа нар ажиллаж, байгууллагын үндсэн зорилт нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, сум багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон иргэдийн нийтийн хурлын үндсэн зорилт, чиг үүргийг иргэдэд ойлгуулах,  иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагааг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, мөн чанарыг ойлгуулах явдал байлаа.

1996-2000 он нь НӨУБ-ын түүхэнд төлөвшилтийн жилүүд байж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн даргаар Д.Жаргалбат, хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар  Д.Батаа, Б.Дашхүү, Х.Ёндонжамц нар ажиллаж байв.  Энэ хугацаанд “Сумын тогтвортой хөгжлийн XXI зууны хөтөлбөр”, “Байгаль орчноо хамгаалах болон хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” хөтөлбөр, сумыг бүсчилсэн хөгжилд хамруулах зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан гаргажээ. Энэ 4 жилд хурлын байгууллага нь орон тооны дарга, хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтантай болсон нь бие даан хөгжих чухал алхам болсон юм.

2000-2004 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Эрдэнэ-Очир,  хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Т.Цэцэгбадам ажиллаж байв. ИТХ-ын байгууллагаас тухайн 4 жилд сахилга дэг журмыг бэхжүүлэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, НӨУБ-ыг хөгжүүлэн, бэхжүүлэхэд шинэ сэтгэлгээ, шинэлэг арга барилаар ажиллах, хурлаар хэлэлцэх асуудлыг зөв оновчтой тогтоон, байгууллага, иргэдийн саналыг тусгах, сумын өнгө төрх, ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд боловсролоор дамжуулан ажилгүйдэл, ядуурлыг багасгах гэж тодорхойлжээ. Мөн багуудын ИНХ, түүний Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулахын тулд хуралдаануудыг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулж, арга зүйн зөвлөгөө өгч, биечлэн тусалж, сургалт зохион байгуулж, харилцан туршлага судлах уулзалт зөвлөгөөнийг жил бүр нэг багт зохион байгуулж байв.

2004-2008 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Эрдэнэ-Очир, хурлынТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар / орон тооны бус/ Д.Жаргалбат, ажиллаж байв. 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн нэгж, Түүний удирдлагын тухай шинэчлэн найруулсан хуулиар хурлын төлөөлөгчдийн тоог өөрчлөн тогтоож, хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг хангаж, үнэмлэх, энгэрийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэхээр хуульчлагдсан. Мөн багийн ИНХ-ын даргад багийн Засаг даргын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгож байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлж бэхжүүлэхэд чухал алхам болжээ.  

Сумын ИТХ-нь 2008-2012 оны үндсэн чиглэлдээ төрийн бодлого хууль тогтоомж, бодлого шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэх, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх, гэр бүл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, хурлын үйл ажиллагааг нээлттэй, иргэдийн оролцоог хангахад чиглүүлж, ИТХ, гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдал, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг  сайжруулж, албан хаагчдын хариуцлага чадавхийг өндөржүүлэх зорилтыг дэвшүүлэн ИТХ-ын даргаар Д.Цэвэгдорж,  нарийн бичгийн даргаар Р.Болормаа нар  ажилласан байна.

Орон нутгийн хурлын 6 дэх удаагийн сонгууль 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр холимог буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр явагдаж, 28 хүн нэр дэвшиж,  мандатын тоогоор 14, намын суудлаар 7 төлөөлөгч сонгогдон Сумын ИТХ-ыг бүрдүүлэн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлээ гаргаж иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр орон нутгийн тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор 4 хурлын хороодыг байгуулан  ИТХ-ын даргаар Д.Цэвэгдорж, нарийн бичгийн даргаар Р.Болормаа, 2014 оны 07 дугаар сарын 16-аас Н.Дэмбэрэл ИТХ-ын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

ИТХ-ын байгууллага нь ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн хөгжил, үндсэн чиглэл, хөгжил дэвшилттэй холбоотой асуудлын зэрэгцээгээр шинээр сонгогдсон хурлын байгууллагын бүрэн эрхийнхээ хугацаанд болон тухайн жилдээ хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, зорилтыг тодорхойлон Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, мал сүрэг, газар тариалан, боловсрол, соёл, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах дэд хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам, нийтлэг хэм хэмжээ тогтоосон тогтоол шийдвэрүүдийг батлан, хэрэгжилтэнд нь үнэлэлт дүгнэлт өгч, ажлын албанаас дотоод ажлын чанар, албан хэргийн хөтлөлт, стандартыг ханган ажиллахад анхаарч, байнга хадгалах баримтыг цахим хэлбэрээр хадгалах нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж, хурлын байгууллагын дотоод журам, идэвхтэн сонгуультанд олгох урамшууллын журам зэрэг байнга дагаж мөрддөг журам, зааврыг  шинэчлэн мөрдөж байна.

Мэдээ оруулсан: 2016-04-26 00:00:00